Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлогын хүрээнд хөгжүүлсэн энэхүү систем нь улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноос, техник, бордоо зэрэг салбарын хэмжээнд олгогдож буй төрөл бүрийн урамшуулал, дэмжлэгийг холбогдох журам, шалгуурын дагуу олгох үндсэн платформ юм. Тус систем нь малчид, тариаланчид, ногоочдын үйл ажиллагааны бүртгэл, баталгаажсан мэдээлэлд суурилан урамшуулал, дэмжлэгийн тооцоолол, шалгалт, гүйлгээг зохион байгуулдаг бөгөөд 2021 оноос хойш улсын хэмжээнд амжилттай ашиглагдаж байна. Ингэснээр төрөөс олгож буй дэмжлэгийг илүү ил тод, шуурхай, бодит мэдээлэлд тулгуурлан хэрэгжүүлэх боломж бүрдэж, салбарын бодлогын хэрэгжилт, санхүүжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх чухал дижитал дэд бүтэц болж байна.