Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад худалдааг хэрэгжүүлэх явцад Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Стандарт, хэмжил зүйн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн бирж, Гаалийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори зэрэг олон байгууллагын тодорхойлолт, дүгнэлт, гэрчилгээ, зөвшөөрөл болон бусад холбогдох бичиг баримтууд шаардлагатай болдог. Ийм олон шат дамжлага бүхий үйл явц нь экспорт, импортын оролцогч аж ахуйн нэгжүүдэд хугацаа их зарцуулах, давхардсан мэдээлэл бүрдүүлэх, олон байгууллагатай тус тусад нь харилцах, улмаар зардал өсөх хүндрэл үүсгэдэг. Энэ нөхцөл байдлыг хөнгөвчлөх, оролцогч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн урсгалыг түргэсгэх зорилгоор харилцан хяналт бүхий нэгдсэн системийг хөгжүүлэх шаардлага үүсдэг. Ийм систем нь гадаад худалдаанд оролцож буй талуудын хооронд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг цахимаар солилцох, баталгаажуулах, шалгах, хянах боломжийг бүрдүүлснээр үйл ажиллагааны ил тод байдал, шуурхай байдал, найдвартай байдлыг нэмэгдүүлнэ. Мөн төрийн байгууллагуудын хяналт, зөвшөөрөл, баталгаажуулалтын үйл явцыг уялдуулж, давхардсан шат дамжлагыг бууруулах замаар экспорт, импортын үйл ажиллагааны хугацаа, зардлыг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой юм.